гэнэн тэнэг байгаа дээрээ хийх зүйлс олон байна



Гэнэн тэнэг байгаа дээрээ л хийх зүйлс олон байна!
Гэрэлд хуруугаа түлээд үз, уйлталаа дурлаад үз, туг үсээ зулгааж үз!
Хайртай хүн чинь харахгүй бол хашгираад үз, харааж зүхэж үз!
Хармалсандаа дээврээс үсрэнэ гэж сүрдүүлээд үз!

Гэнэн тэнэг байгаа дээрээ л хийх зүйлс олон байна!
Гэртээ харилгүй үүр цайтал ганцаараа алхаж үз, ганцаардаж үз!
Хагдарсан моддыг ч хамаагүй өрөвдсөндөө цурхирч үз, эмгэнэж үз!
Хагархай толинд өөрийгөө нэг хараад үз, хараал шидийн тухай сонирхож үз!

Гэнэн тэнэг байгаа дээрээ л хийх зүйлс олон байна!
Гэрээслэл хэн нэгэнд бичээд үз, үхэх тухай сайн бодоод үз!
Галт тэрэгний замруу үсрэх үү, гараа эсгэх үү гээд төсөөлөөд үз!
Галзуу юм шиг зоригтой байж үз, юу ч хийхэд бэлэн байж үз!

Гэнэн тэнэг байгаа дээрээ л хийх зүйлс олон байна!
Гэтэж хаалгаар гараад хэнд ч хэлэлгүй хаа нэг тийшээ яваад үз!
Зам бүхэн намайг тосог гэж шивнээд, хорвоогоор хэрэн тэнэж үз!
Залбиран хумигдаж үз, бурханд итгэх үгүйгээ эртхэн шийдээд үз!

Гэнэн тэнэг байгаа дээрээ л хийх зүйлс олон байна!
Гэгээнтэн мэт аашилж байгаа бүхнээ бусдад өгч үз! өглөгч байж үз!
Үнэн сэтгэлээсээ инээж үз! уйтгарлаж үз! уймарч үз!
Үхтлээ амьдарчихаж болмоор санагдвал өөрийнхөөрөө л туулаад үз!
Э.Бүжинлхам

Comments

Popular Posts